ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

ЗДТГазрын даргын 2014 оны _____тушаалын ____хавсралт ТҮНЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү журмын зорилго нь ЗДТГазарын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2. Төрийн хяналт шалгалтад хамрагдах ЗДТГазар, ИТХурал энэхүү нийтлэг журмыг дагаж мөрдөнө. 1.3. ЗДТГазарын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамыг сумын Засаг дарга батална. 1.4. ЗДТГазар нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно. 1.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ЗДТГазарын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй. Хоёр. Дотоод хяналт шалгалтын зарчим, зорилго, хамрах хүрээ 2.1. Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана. 2.2. Дотоод хяналт шалгалтын зорилго нь ЗДТГазарын үйл ажиллагаа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ. 2.3. Дотоод хяналт шалгалтыг зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ЗДТГазарын үйл ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино. Гурав. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, ажилтан, түүний эрх үүрэг 3.1. Энэхүү журмын 1.3-т заасан "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-д өөрөөр заагаагүй бол дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ЗДТГазарын даргын томилсон ажлын хэсгийн гишүүд хийж гүйцэтгэнэ. 3.2. Дотоод хяналт шалгалтын нэгж нь тухайн байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байна. 3.3. Дотоод хяналт шалгалтын нэгжийн ахлагч нь тухайн байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна. 3.4. Дотоод хяналт шалгалтын нэгж нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлог, зохион байгуулалтын бүтэц, харьяалагдах нэгж, объектын тоог харгалзан тухайн жилд хийх хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана. 3.5. Дотоод хяналт шалгалтын нэгж нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ. 3.6. Дотоод хяналт шалгалтын нэгж нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. 3.7. Дотоод хяналт шалгалтын нэгж нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна: 3.7.1. Зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах; 3.7.2. Хяналт шалгалт явуулахдаа байгууллагын салбар, нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах; 3.7.3. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах; 3.7.4. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх; 3.7.5. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах; 3.7.6. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх; 3.7.7. Холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах; 3.7.8. Дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах; 3.7.9. Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах; 3.7.10. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх; 3.7.11. Дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх. 3.9. Энэхүү журмын 3.7-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Дөрөв. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа 4.1. Дотоод хяналт шалгалтыг дараахь чиглэлээр зохион байгуулна: 4.1.1. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт; Энэхүү шалгалт нь жилд нэг удаа хийгдэж дүн нь Засаг даргын зөвлөлөөр танилцуулагдана. -Төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт -Төрийн албаны стандарт хангалт -Тайланчлалын байдалд дүн шинжилгээ хийх -Архив, Албан хэрэг хөтлөлтийн стандарт 4.1.2. Байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хийх хяналт шалгалт; Энэхүү шалгалт нь жилд нэг удаа хийгдэж дүн нь Засаг даргын зөвлөлөөр танилцуулагдана -Орчны эрүүл ахуй, байгаль орчны нөлөөлөлийн түвшинд хяналт шалгалт хийнэ. 4.1.3. Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт; Энэхүү шалгалт нь жилд нэг удаа хийгдэж дүн нь Засаг даргын зөвлөлөөр танилцуулагдана. -Ажлын байрны нөхцөл -Эрүүл аюулгүй ажиллагаа, албан хаагчидын ажлын байрны эрүүл ахуй -Эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилт -Хөдөлмөрийн дотоод журамын хэрэгжилт 4.1.4. Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт; Энэхүү шалгалт нь улирал тутам хийгдэж дүн нь Засаг даргын зөвлөлөөр танилцуулагдана. Шалгалтыг хийхдээ дараах чиглэлүүдийг баримтлан шалгана. -Санхүүжилт болон тайлагналын хяналт /Төсвийн санхүүжилт тавигдаж буй байдал хуульд нийцэж байгаа эсэх, тайлганал ямар байгааг нягтлан үзэх/ -Төлбөр тооцооны хяналт /Хугацаандаа мэдээ тайлангаа гаргаж байгаа эсэх г.м/ -Системийн хяналт /өдөр тутмын гүйлгээг үзэх/ -Санхүүгийн ил тод байдлын хяналт 4.1.5.Тухайн байгууллага нь ил тод байдлыг хангах талаар хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт. Энэхүү шалгалт нь улирал тутам хийгдэж дүн нь Засаг даргын зөвлөлөөр танилцуулагдана. Шалгалтыг хийхдээ дараах чиглэлүүдийг баримтлан шалгана. -Төсөв санхүүгийн ил тод байдал хэрхэн хангагдаж байгаа -Хүний нөөцийн ил тод байдал -Байгаль орчны ил тод байдал -Худалдан авах ажиллагааны ил тод байдал -Газрын харилцааны ил тод байдал -Иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээний чанар -Сэтгэл ханамжийн судалгаа -Бусад 4.2. Энэхүү журмын 4.1-д заасан чиглэлээр дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах хэлбэр нь ямарч арга байж болох бөгөөд хамгийн гол нь тухайн шалгалт нь үр дүнтэй байх ёстой. Тав. Хариуцлага, урамшуулал 5.1. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна. 5.2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 5.3.Дотоод хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй төлөвлөн зохион байгуулж, шалгалтын дүнг хурлаар тогтмол танилцуулан тодорхой үр дүнд хүрсэн тохиолдолд улирал бүр ажлыг нь дүгнэж ЗДТГазарын дарга урамшуулал олгож болно. Урамшуулал нь: -А /90-100/ үнэлгээ авсан тохиолдолд -60000 төгрөг -В /80-89/ үнэлгээ авсан тохиолдолд -40000 төгрөг -С /70-79/ үнэлгээ авсан тохиолдолд -20000 төгрөг -Д /60-69/ үнэлгээ авсан тохиолдолд ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцно. -Ө /0-59/ үнэлгээ авсан тохиолдолд ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж дүгнэнэ.